Монголын алтны төв бирж
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
МОНГОЛ БАНК
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
kitco
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
bloomberg
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
“Алт 2” хөтөлбөрөөс авч үлдэх өв
2017-11-04 03:27:35

Баасан гарагийн 14.20 минут. Хүрэн савхин хүрэмтэй, намхан нуруутай нэгэн залуу дөрвөн алтан гулдмайг хайлуулах өрөөнөөс авч, дээж бүртгэгч рүү дөхүүлэв. Цагаан халаадтай, туранхайвтар эр гулдмайг нэг нэгээр авч, хоёр захыг нь өрөмдөн дээж авна. Тухай бүрд эхний залуу өнөөх гулдмайнуудаа хуучирч, халцарсан жижигхэн арьсан цүнхэнд шаламгай гэгч хийв. Хаанаас, ямар үнэтэй авсныг нь асуух санаатай яриа өдсөн боловч өнөөх залуу тас гүрийх аж. Харин хаалганы дэргэд зогсонгоо түүнийг хүлээж байгаа нэгэн хүнээс Архангай аймгаас худалдаж авсан алт гэдгийг нь мэдэж авав. Алтаа Монголбанкинд 16.00 цагаас өмнө амжиж тушааж байж тухайн өдрийн ханшаар борлуулах тул тэд ийнхүү үг солих сөхөөгүй яарч явааг нь СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дээж бүртгэгч учирласан юм.

Дулааны III цахилгаан станцын баруун урд байрлах Үнэт металлын сорьцын хяналтын газар хөл хөдөлгөөн ихтэй байна. Алт, мөнгө, үнэт чулууны сорьц тогтоож, хяналт тавьдаг тус лабораторийн ачаалал 7-10 дугаар сард оргилдоо хүрдэг. Олборлосон алтаа хайлуулж, гулдмай болгоод, сорьцыг нь тогтоолгох гэсэн үйлчлүүлэгчид үүрийн жингээс дугаарлаж эхэлдэг байна. Тиймээс энэ зун ажлын цагийн хуваариа 07.00 цаг болгож урагшлуулснаа тус газрын дарга Д.Бэхбат тайлбарлалаа. Гэсэн хэдий ч ачаалал буурахгүй, үйлчлүүлэгчдэд чирэгдэл ихтэй байгаа аж.

5000 орчим бичил олборлогч алтны арилжаанд тэгш боломжоо хүртэж чадахгүй байна




Ашигт малтмалын болон Эрдэнэсийн сангийн тухай хуулиар тус газраар сорьц нь баталгаажсан үнэт металлыг л худалдан борлуулах нөхцөл бүрддэг. Тиймээс алт олборлогчдын зайлшгүй давах ёстой шат дамжлага нь Үнэт металлын сорьцын хяналтын лаборатори. Гэвч улсдаа цорын ганц төвлөрсөн цэг гэгдэх энэ лабораторид боловсон хүчин дутагдалтай, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу. Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд олборлож, Монголбанкинд тушаасан алт эндхийн дөрвөн химич, гурван хайлуулагчийн гараар л сорьц нь тогтоогдож байна. Тиймээс ч “Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилт, алтны нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон арилжааны ил тод байдал энэхүү шат дамжлагаас ихээхэн хамаарах юм.Уг нь монголчууд алтаа Лондоны металлын бирж буюу дэлхийн зах зээлийн ханшаар Монголбанкинд борлуулдаг болоод бараг жил тойрох гэж буй. Татвар болон эрх зүйн уян хатан орчин бүрдсэн. Иргэдийн олборлосон алтнаас Ашигт малтмалын нөөц ашигласны 2.5, хувь хүний орлогын албан татварын 10 хувийн татвар авч байгаа нь дэлхийн дундажтай харьцуулахад өрсөлдөөний таатай орчин юм. Гэтэл ОХУ, БНХАУ, Казахстан гээд хөрш орнуудын ашигт малтмалын нөөц ашигласны татварт иргэд үнийн дүнгийн 5-6 хувийг төлдөг.

Харамсалтай нь, энэ бүх таатай, уян хатан нөхцөлийг алт олборлогчид бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй, алт хууль бусаар хил давуулах явдал тасрахгүй байна. Цагдаагийн байгууллага, хилийн хяналтынхан сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 10 гаруй кг алтыг хууль бусаар давуулах гэж байхад нь илрүүлсэн мэдээ бий. Гэтэл илрүүлж чадаагүй нь хэчнээн байгааг хэлэх боломжгүй. Тэгвэл хууль бусаар алт гаргах сонирхол хэнд байна вэ? Татвар болоод эрх зүйн таатай орчин байсаар атал аж ахуйн нэгжүүд, бичил уурхайчид өөрсдийгөө ийнхүү эрсдэлд оруулах уу.

Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн хийсэн судалгаагаар бичил уурхайчдын 80 хувь нь олборлосон алтаа тушаах албан сувгийг мэддэггүй гэжээ. Өөрөөр хэлбэл, олборлосон алтаа Үнэт металлын сорьцын хяналтын газраар баталгаажуулж, Монголбанкинд тушаадаг талаар ойлголтгүй.

Тиймээс ч алтаа ченжүүдэд бэлэн мөнгөөр хямд өгч, өнөө маргаашийн хоолоо аргацаах төдийгөөс хэтэрдэггүй. Харин ченжүүд усан жингийн арга зэрэг нарийвчлал муутай, алдаа мадаг ихтэй, шинжлэх ухаанаар батлагдаагүй аргаар орон нутгийн иргэдээс олборлосон алтыг нь хямд үнэтэй худалдан авч, сорьцын зөрүүгээс ихээхэн ашиг олдог байна. “Тухайн орон нутгийн онцлогоос хамаарч алтны сорьц харилцан адилгүй. Архангайгаас олборлосон алтны сорьц л гэхэд 700 орчим байдаг. Иргэд нь ч ингэж хэлээд авахад нэг их маргалгүй өгчихдөг” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярьсан юм.

Угтаа бол ачааны хүндийг үүрч буй алт олборлогчдын амьжиргаа дээшилж, амьдрал нь дэлгэрч байх учиртай. Бичил уурхайчдын Монголбанкинд тушаасан алтны эзлэх хувь 2013-2014 онд 0.1-25.5, 2015 оны аравдугаар сард 45.7 хувь болж өссөн талаар АМГТХЭГ онцолжээ. Гэтэл алтны арилжаа албан бус сувгаар дамжиж буйн уршгаар 6000 гаруй бичил олборлогчийн 80 орчим хувийг бүрдүүлдэг алтныхан тэгш боломжоо хүртэж чадахгүй байна. Тиймээс алтны худалдан авалт, сорьц тогтоох шинжилгээг орон нутагт байгуулах нь алтны арилжааны албан бус сувгийг хумих, нийлүүлэлтийг ил тод болгоход ихээхэн ач холбогдолтой.

Үндэсний хэмжээнд ердөө дөрвөн химич алтны сорьц тогтоож байна

Нөгөөтэйгүүр, олборлосон алтаа тушааж буй иргэдийн санхүүгийн хэрэгцээ, сахилгад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь үр дүнтэй болов уу. Орон нутаг дахь арилжааны банкуудаас бичил уурхайчид зээл авах хэрэгцээ их бий. Гэвч зээлийн шалгуур өндөр байдаг нь ченжүүд бичил уурхайчдын санхүүгийн сул талыг ашиглах боломж олгож буй. Тиймээс албан бус сувгийг хумих, хууль ёсны үйл ажиллагааг шат дамжлага бүрд албажуулах зайшгүй шаардлага тулгарч буй. Товчхондоо, банкууд бичил уурхайчдаас алт шууд худалдаж авах загвар тохиромжтой юм. Мөн тушаасан алтны үнийн дүнгийн тодорхой хэсгийг иргэд өөрсдийнхөө нэр дээр хадгаламж хэлбэрээр байршуулж, өдрийн биш жилийн, алсын эдийн засгаа сайжруулахад зарцуулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал.

1992 оноос хойш хэрэгжсэн “Алт” хөтөлбөрүүдийн үр дүнд Монгол Улс эдийн засгийн хүнд цаг үеийг даван туулж, уул уурхайн салбарт ахиц гарч, валютын нөөц нэмэгдсэн. Мөн Монгол Улсын уул уурхайн салбарын нэр хүндийг гадаадад ч, дотоодод ч унагаж байсан нинжа нарыг цэгцэлж, бичил уурхай эрхлэгчид хэмээн албажуулсан. Өмнө нь алдсан байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг энэ удаад орхигдуулахгүй хэмээн “Алт 2” хөтөлбөрт онцолж буй.

Гэхдээ “Алт 2” хөтөлбөрөөс бид юутай үлдэх вэ. Эдийн засгаа тэтгэж, валютын нөөцөө нэмэгдүүлж, төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг хангах нь угаас энэ хөтөлбөрийн суурь тунхаг. Хамгийн гол нь, алт төдийгүй бусад төрлийн ашигт малтмалын нийлүүлэлтийн ил тод байдлыг хангаж, өөрөө өөрийгөө удирдах боломжтой бүхэл бүтэн системийг хууль эрх зүй, уул уурхай, банк санхүү, бизнесийн түвшинд бий болгох нь чухал билээ. 

Д.Бэхбат: Төрийн байгууллагууд алт олборлогчдод эргэлзээ үүсгэж болохгүй

Стандарт хэмжилзүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбаттаас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр алтны арилжаанд төрийн оролцоо нэн чухал гэдгийг онцлов.

-Танай байгууллага алтны арилжаанд ямар үүрэгтэй юм бэ? 
-Манай лаборатори үйлчлүүлэгчдийн авчирсан алтыг хайлуулж, гулдмай болгоод, түүнээсээ сорьцын дээж авдаг. Сорьцыг олон улсын шаардлагад нийцсэн химийн аргаар шинжилж тогтоодог. Энэ аргын алдааны магадлал хамгийн бага буюу 0.02 хувь тул дэлхий дахинаа хэрэглэдэг. Шинжилсэн алтан гулдмайгаа савлаж лацдаад, сорьцыг баталгаажуулсан бичгийн хамт үйлчлүүлэгчид өгдөг. Ингэснээр тухайн алтыг Монголбанкинд арилжаалах боломжтой болж байгаа гэсэн үг.

-Нэг дээжийг ямар үнэтэй шинжилдэг вэ? 
-Нэг грамм алт хайлах үнэ 50 төгрөг. Харин гулдмай сорьцлох төлбөр 10-100 мянган төгрөгийн үнэтэй. Гулдмай нь 100 граммаас 25 кг хүртэл долоон төрөл байна.

Нэг грамм алт хайлах үнэ 50 төгрөг

-Танайх ачаалал хэр зэрэг вэ? 
-Өндөр. Өдөрт дээд тал нь 36 дээж авдаг. Гэхдээ үүнээс илүү гарч хонон өнжин ажиллах, дээжээ дараа өдөрт шилжүүлэх тохиолдол их. Алтны арилжаа далд байсаар байгаа нэг шалтгаан нь үйлчлүүлэгчид манайд ирэхдээ түвэгшээдэгтэй холбоотой болов уу. Сорьцоо тогтоолгож, тушаагах гэж цаг хугацаа алдсанаас шууд ченжэд өгсөн нь амар байдаг байх. Мөн манайх бүтцийн хувьд ч гэсэн цомхон, цөөхүүлээ. Монголын алтны сорьцыг үндсэндээ дөрвөн химич л хийж байна шүү дээ. Энэ нь дэлхийн дунджаас найм дахин өндөр ачаалалтай ажилладаг гэсэн үг.

-Үйлчлүүлэгчдээ чирэгдэлгүй болгохын тулд цахимаар шийдэх арга байхгүй юу? 
-Тийм ээ, заавал өөрсдөө ирж дугаарлаж байхаар цахимаар дугаар авчихдаг жишиг нэвтрүүлэх системд орж байна. Мөн лабораторийн хүчин чадлыг сайжруулж, шинэчилж байж алтны арилжаа цогцоороо явагдах ёстой. Нийлүүлэлтийн дамжлагыг орхигдуулж, зөвхөн алт худалдан авалтдаа анхаарах нь учир дутагдалтай. Өнөөдөр уулын мухарт хэдэн хүн, хэдэн кг алт олборлож байгааг яг таг хэлж мэдэхгүй төрийн байгууллага олон байна. Ер нь алтны арилжаанд төрийн бодлого маш чухал. Үүний тод илрэл нь гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гээд дурдах жишээ олон байна. Мөн төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж, алт олборлогч, борлуулагчдад эргэлзээ үүсгэж болохгүй.

-Танайх хамгийн сүүлд хэзээ шинэчлэл хийсэн бэ? 

-2012 онд бага зэрэг шинэчлэл хийсэн. Өнгөрсөн жил Швейцарын хөгжлийн агентлагийн шугамаар алт хайлах зуух нэгийг авсан. 2016-2020 онд Сорьцын хяналтын албаны чадавхыг бэхжүүлж, техник технологийг шинэчлэхэд 1.2 тэрбум төгрөг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан. Энэ асуудал шийдэгдэхгүй удаж байна. Швейцарын хөгжлийн агентлаг, УУХҮЯ-тай хамтран төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт сорьцын салбар лаборатори байгуулахаар ажиллаж байна. Гэвч үүн дээр Монгол Улсын талаас гаргах хөрөнгийн асуудал удаашралтай байгаа.

-Хэдий хэмжээний хөрөнгө яригдаж байгаа вэ? 
-Үндсэндээ хоёр химич, нэг алт хайлагчийн цалин болох 30 орчим сая, мөн барилгаа лабораторийн зориулалтаар засахад шаардлагатай 40-өөд сая төгрөг гээд нийтдээ 149 гаруй сая төгрөгийн л асуудал манай талаас яригдаж байна. Хэрэв орон нутагт сорьц тодорхойлохоор бол сорьцын дээж авах, хадгалах, тээвэрлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт нэн даруй гаргах шаардлагатай.

З.Цэлмэг

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/216963

ОРОН НУТАГ
дэлгэрэнгүй
Үнэ - ₮ Бланс Хувь

95434.49
ХЭНТИЙ /Чингис хот/

797.42

(0.83%)

95093.49
ХӨВСГӨЛ /Мөрөн/

797.42

(0.83%)

94184.49
ХОВД /Ховд хот/

797.42

(0.83%)

94428.49
УВС /Улаангом/

797.42

(0.83%)

95719.49
ТӨВ /Зуунмод/

797.42

(0.83%)

95429.49
СЭЛЭНГЭ /Сүхбаатар/

797.42

(0.83%)

95204.49
СҮХБААТАР /Баруун-урт/

797.42

(0.83%)

95211.49
ӨМНӨГОВЬ /Даланзадгад/

797.42

(0.83%)

95334.49
ӨВӨРХАНГАЙ /Арвайхээр/

797.42

(0.83%)

95393.49
ОРХОН /Эрдэнэт хот/

797.42

(0.83%)

94780.49
ЗАВХАН /Улиастай/

797.42

(0.83%)

95504.49
ДУНДГОВЬ /Мандалговь/

797.42

(0.83%)

95109.49
ДОРНОД /Чойбалсан хот/

797.42

(0.83%)

95308.49
ДОРНОГОВЬ /Сайншанд/

797.42

(0.83%)

95545.49
ДАРХАН УУЛ /Дархан хот/

797.42

(0.83%)

95534.49
ГОВЬСҮМБЭР /Чойр/

797.42

(0.83%)

94759.49
ГОВЬ-АЛТАЙ /Алтай хот/

797.42

(0.83%)

95434.49
БУЛГАН /Булган/

797.42

(0.83%)

95124.49
БАЯНХОНГОР /Баянхонгор/

797.42

(0.83%)

94004.49
БАЯН-ӨЛГИЙ /Өлгий/

797.42

(0.83%)

95299.49
АРХАНГАЙ /Цэцэрлэг/

797.42

(0.83%)